Таны халаасандах мөнгө нэг л мэдэхэд дуусаад байна уу?
Та олдог орлогоосоо хэд дахин их мөнгө олсон ч гэсэн ямар ч утгагүйгээр
мөнгөө үрсээр нэг л мэдэхэд ямар ч үр дүнгүй дуусчихаад байна уу?
Танд мөнгөө хэмнэхийн тулт таны хийж чадах 8-хан алхамыг зөвлөж байна.
Мөнгөө хэмнэх 8 алхам
Алхам 1. Онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх нь дээр. Гадуур гарах бүр ямар нэгэн хэмжээгээр мөнгө үрэгддэг шүү дээ. Шатахуун, автобус унаа, хоолонд орох гэх мэт...
Алхам 2. Аль болох гэртээ хоол хийж идээрэй. Гадуур хооллох зардлаас хоёр дахин бага мөнгөөр та гэртээ илүү сайхан, тэгээд бас эрүүл хоол хийж идэх боломжтой.
Алхам 3. Өдрийнхөө хоолыг гэртээ бэлдээд аваад явах нь хамгийн зөв сонголт байдаг. Энэ нь таны ажлын цагийг хэмнээд зогсохгүй, хоолны дэглэм барихад тустай. Хоолны газрын цэсэнд баригдахгүй өөртөө тохируулан хоолоо бэлдэж болно гэсэн үг. Мөнгийг тань ч бас хэмнэнэ.
Алхам 4. Кино театр руу дандаа явж байхын оронд хааяа гэртээ киноны орой зохиож байгаарай. Хүссэн киногоо интернэтээс татаж, худалдаж эсвэл түрээсэлж аваад хайруулын тавганд эрдэнэ шишээ үлээлгээд жаахан зөгийн балтай холиход гадуур зардгаас ч илүү амттай киноны хачир болох болно. Ердөө 4000 төгрөгөөр хэдүүлээ ч хамаагүй кино үзэж болох нь байна.
Алхам 5. 100.000-аас дээш төгрөгийн худалдан авалт хийхийн өмнө дор хаяж нэг хоног сайн бодож үзээрэй. Авсныхаа маргааш хийсэн сонголтдоо эргэлзэж, мөнгөндөө харамсаж суухын оронд сайтар бодож үзсэн нь дээр.
Алхам 6. Супермаркет орохынхоо өмнө авах зүйлээ сайтар төлөвлө. Энэ нь таныг онцын шаардлагагүй зүйл худалдан авч мөнгөө үрэхээс хамгаалах болно. Бид заримдаа супермаркетээр ороод гарахдаа төлөвлөөгүй хэр нь 30.000-аас дээш хэмжээний мөнгөөр худалдан авалт хийгээд гарах нь элбэг байдаг.
Алхам 7. Сар бүрийнхээ өрхийн зардлыг жагсаан бичиж төсөвлө. Ингэвэл мөнгө тань хяналттай болох болно. Та хэдэн төгрөг зарцуулж, хэдэн төгрөг хадгалахаа тооцоолж түүнийхээ дагуу явж чадвал өргүй байхад тань ч тустай.
Алхам 8. Хоол ундаа цуглуулахаар явахын өмнө авах зүйлсээ заавал бичиж байгаарай. Тэгээд хагас сардаа 1 удаа хоол хүнсээ бөөнөөр авах нь маш хэмнэлттэй, хямдхан тусдаг.
Дээр нь нэмж зөвлөхөд...
Дараах зүйлсийг худалдан авах жагсаалтаасаа хасвал багагүй хэмжээний мөнгө хэмнэхээс гадна эрүүл мэндээ ч хамгаалах болно.
• Хиам болон утсан махан бүтээгдэхүүн - эдгээр бүтээгдэхүүнийг боловсруулахад химийн бодис ашигладаг тул эрүүл мэндэд хортой.
• Хийжүүлсэн ундаа - мэдээж эдгээрт бас л химийн бодис, консервант, будаг гээд эрүүл мэндэд хор учруулж болох зүйл бүгд ордог.
• Чипс - үнэтэй хэрнээ ямар ч шим тэжээлгүй. Давс ихтэй мөн консервант агуулдаг тул хүний биед муу. Харин оронд нь та наранцэцгийн самар, эрдэнэ шиш буюу попкорн худалдан аваарай.
• Бэлэн гоймон - химийн бодис, амт үнэр нэмэгдүүлэгч агуулдаг бөгөөд ямар ч тэжээлгүй.
• Хайрцагтай жигнэмэг, кекс - Бүгд хадгалах хугацааг уртасгадаг химийн бодис агуулдаг. Дээр нь маш үнэтэй. Үүний оронд та аль болох гэртээ жигнэмэг, кекс хийж байгаарай.
"Монголчуудын Амьдрал" сониноос